УЛСЫН НЭР ТОМЬЁОНЫ КОМИСС
“Судар бичгийн хүрээлэн”-гийн дэргэд 1924 оны гуравдугаар сарын 28-нд “Нэр томьёоны комисс”-ыг 10 салбар комисстойгоор байгуулж байсан түүхтэй. “Улсын нэр томьёоны комисс” нь Монгол Улсын дотор дагаж, мөрдөх бүх нэр томьёог эрдэм шинжилгээний үндэстэйгээр боловсруулан баталж, түүнийг нийтээр журамлах ажлыг эрхлэнявуулдаг улсын байгууллага байжээ. Үүний үр дүнд “Нэр томьёоны комиссын мэдээ” сэтгүүл хэвлэгдэн бүх төрийн байгууллагуудад хүрдэг байсан уламжлалтай. Тус комисс байгуулагдсанаас хойш бүх шинжлэх ухааны салбар бүрээр 147 цуврал сэтгүүлийг гаргасан байдаг аж.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар

Манай улсад 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд Улсын нэр томьёоны комисс (УНТК) байгуулагдсан үеэс эхлэн салбар бүрийн нэр томьёог оноон тогтоож, судлан, жигдлэн хэвшүүлж, олон арван нэр томьёоны цуврал толь бичиг, нэгдсэн толь бичиг эрхлэн хэвлүүлэх ажлыг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн голлон гүйцэтгэсээр ирсэн бөгөөд манай үе үеийн эрдэмтэн судлаачид “Улсын нэр томьёоны комиссын мэдээ”147 боть, “Нэр томьёоны цуврал бичиг” 10 дугаар, Орос-монгол нэр томьёоны толь 3 боть, Үгийн учир 3 боть гэх мэт нийт 170 орчим нэр томьёоны толь бичиг, цуврал хэвлүүлж, шинжлэх ухааны олон салбарын 170000 гаруй нэр томьёоны сан бүрдүүлсэн нь шинжлэх ухааны хөгжилд оруулсан томоохон хувь нэмэр юм.

1997 оноос УНТК-ын ажлыг сэргээж Хэл шинжлэлийн салбарын дэргэд “Нэр томьёоны хамтлаг”-ийг байгуулжээ. Тус хамтлагийг ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2004 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 13 тоот тушаалаар “Хэрэглээний хэл шинжлэлийн сектор” болгон өргөтгөн зохион байгуулсан юм. 1998 оноос эхлэн “Нэр томьёо судлал” сэтгүүлийг эрхлэн дотоод гадаадын нэр томьёо судлаач, хэл шинжээч, салбарын эрдэмтдийн нэр томьёоны талаар бичсэн өгүүллүүдийг хэвлүүлэх болсон бөгөөд өдгөө 18 дугаар хэвлэгдэн гарсан байна.

Уг салбар нь нэр томьёоны суурь судалгаа хийж, ном бүтээл, өгүүлэл бичихийн зэрэгцээ шинжлэх ухааны нэр томьёоны оноолт, орчуулга зэргийг хэл шинжлэл, нэр томьёоны шинжлэх ухаан талаас нь мэргэжлийн зөвлөгөө, зөвлөмж өгөх, толь бичгүүдийг хянан засварлах, дүгнэлт санал өгөх, сургалт зохион байгуулах зэргээр бусад салбарын мэргэжилтэн, эрдэмтэдтэй ямагт хамтран ажилласаар ирсэн билээ. Түүнээс гадна хууль, цагдаа, шүүхийн байгууллагаас ирүүлсэн хэлний маргаантай асуудалд хэлний шинжээчээр ажиллах зэргээр жилд дунджаар 150 гаруй захиалгат ажил гүйцэтгэдэг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр нэр томьёо, хэлний хэрэглээний талаар ярилцлага өгөх, сурталчлан таниулах зэрэг соён гэгээрүүлэх ажилд идэвхтэй оролцдог.

Бид орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан 12251 толгой нэр томьёо бүхий “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь”-ийг бүтээж, 2021 оны 12 сард олны хүртээл болгосон нь Монгол Улсад нэр томьёоны чиглэлээр гаргасан анхны цахим толь боллоо. Энэ нь улс орон даяар шинжлэх ухааны үндсэн суурь нэр томьёог тогтолцоотой жигдлэн хэвшүүлэх, хөгжүүлэх, ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтад шинжлэх ухааны ойлголт ухагдахууныг нэгдсэн ойлголттой, үнэн зөв хүлээн авахад чухал ач холбогдолтой юм.

Нэр томьёоны үйл ажиллагааны чиглэлээр гадаад хамтын ажиллагаагаа сайжруулахын тулд 2018 онд манай хүрээлэн Олон улсын нэр томьёоны байгууллага Инфотерм (1971 онд ЮНЕСКО-ийн байгуулсан)-д гишүүнээр элсэж, Европын Парламентын дэргэдэх Нэр томьёог зохицуулах алба, Термнет, Австрийн ШУА-ийн Хүмүүнлэгийн ухааны цахим төв, Вений их сургуулийн Орчуулга судлалын төвийн эрдэмтэн судлаачидтай олон улсын хурал семинар зохион байгуулах зэргээр хамтран ажиллаж, Австрийн эрдэмтэн судлаачидтай хамтарсан “Монгол Улсын шинжлэх ухаан, боловсролын хөгжил, инновацыг дэмжих нэр томьёо төлөвлөлтийн стратеги, дэд бүтэц” (2020-2023) төслийг хэрэгжүүлж буй нь Монгол Улсын нэр томьёо судлалын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх томоохон алхам болсон гэж үзэж байна.

Мөн Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжилттэй “Монгол нэр томьёоны стандартын судалгаа (Нэр томьёог боловсруулах арга, зарчмын олон улсын стандартыг нутагшуулах)” суурь судалгааны төсөл хэрэгжүүлж байна.