Нэр томьёо

Нийгмийн хөгжлийн явцад хэл ямагт боловсронгуй болдог бөгөөд үгүй бол хүний харилцааны хэрэглүүр болох нийгмийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ. Хүний мэдлэгийн хүрээ тэлэх тусам шинэ нэр томьёо үүснэ. Соёл урлаг, шинжлэх ухаан, техник эдийн засаг зэрэг тодорхой салбарын ухагдахуун үйл ажиллагааг тусгайлан оноож нэрлэсэн үгсийг нэр томьёо гэнэ.

Нэр томьёо, мэргэжлийн үгийн найруулга

Нэр томьёоны зүйл нь ажил мэргэжлийн хувьд хязгаарлагдмал хэрэглэгддэг бөгөөд үүгээрээ мэргэжлийн үг хэллэгтэй ойролцоо байдаг. Нэр томьёо албан ёсны, нийтээр заавал дагах шинжтэй, ухагдахууныг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан байдаг бол мэргэжлийн үг хэллэг нэг мэргэжлийн хүмүүсийн ярианы хэлэнд тархсан, албан ёсны бус үг хэллэг байдаг билээ.     

Мэргэжлийн үг хэллэгийг найруулгад хэрэглэх үүрэг нь нутгийн аялгууны үг, этгээд үг хэллэгийнхтэй төстэй байдаг байна. Харин уран зохиолын найруулгад зохиолын баатрын ажил мэргэжил, хэл ярианы онцлогийг тодруулах зорилгоор хэрэглэдэг тал бий.