“Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь” –ийн нээлт боллоо

2021 оны 12 сарын 6-ны өдөр “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь”-ийн нээлт боллоо. Уг толийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн судлаачид санаачлан хэрэгжүүлж, төслийн удирдагчаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар ажиллаж, Математик, тоон технологийн хүрээлэнгийн судлаачид өгөгдлийн сан байгуулан, цахим хэлбэрт оруулсан байна. Мөн уг толийг бүтээхэд ШУА-ийн харьяа бүх хүрээлэн, бүтцийн хоёр академи, салбар төвийн 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцжээ.


Эрдэмтэн судлаачид гурван жилийн хугацаанд шинжлэх ухааны салбар бүрийн үндсэн ойлголтуудыг багтаасан 12551 нэр томьёог нэг бүрчлэн судалж, англиар болон үндэсний бичгээр дагалдуулан, тодорхойлолтын хамт оруулсан байна.

1924 оноос Улсын нэр томьёоны комисс хэмээх байгууллага үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба 120 000 үгтэй толийг орос, монгол хэлээр гаргаж байсан түүхтэй. Энэ ажлын залгамж халаа болж, орчин цагийн шинжлэх ухааны салбар бүрийн үндсэн ухагдахуун, ойлголтыг багтаасан түлхүүр нэр томьёоны толийг цахим хэлбэрээр гаргасан нь цаашид нэмэн дэлгэрүүлэх, өргөжүүлэх, цэгцлэх бүрэн боломжтой юм.

Учир нь нэр томьёо хэмээх ойлголт цаг үеийн нөхцөл шаардлагаар өргөжин тэлж байдаг онцлогтой тул шинэ нэр томьёог цаг тухай бүрд нь нэмэн дэлгэрүүлж баяжуулах зүй ёсны шаардлагатай юм. Уг толь бичигт байгалийн ухааны 5620, анагаах ухааны 1807, эрүүл мэндийн 1817, хөдөө аж ахуйн салбарын 1612, нийгмийн ухааны 1287 нэр томьёог багтаасан ба хүмүүнлэгийн холбогдолтой 2081, инженерүүдийн голлон ашигладаг 154 үг оржээ.

“Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толь” руу http://dict.ac.mn холбоосоор нэвтэрч зочлоорой.